Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сиймхийгээр дүүлсэн Умард Солонгос
2017 оны 9 сарын 8 [Уншсан тоо: 35595]

Манай бүс нутагт пуужин бол зүгээр л шувуу шиг тэнгэрээр нисэж явдаг боллоо, Хойд Солонгос ноднин 20-ийг харвасан, энэ жил мөн 20 дөхөж явна. 9 сарын 3-нд цөмийн бөмбөг ч дэлбэлээд авлаа. 2006 оноос хойш Умард Солонгос нийт 6 удаа цөмийн бөмбөг туршсан, үүнээс 3-ыг нь сүүлийн 2 жилд дэлбэлж сүрийг үзүүлжихүй.

Аль 1993 оноос анхны пуужингаа туршихад нь л Аюулгүйн зөвлөл тогтоол гаргаж байсан. Харвах болгонд нь хуралддаг ажилтай. Үндсэндээ сүүлийн 20 гаруй жил Умардыг болиулах гэж янзан бүрээр л хавчиж үзлээ. Хориг арга хэмжээ авч үзлээ, олон улсад гандаардуулж үзлээ, эдийн засгаар шахаж боомилж үзлээ, цэрэг зэвсгээр сүрдүүлж ч үзлээ. Авчиг Умард Солонгос болих нь бүү хэл улам гаарч, одоо бараг даажигнах болов.

Яагаад? Өнөөх АНУ хаачсан? Сургаар шахуу Ирак руу юу юугүй цөмөрч ороод дэглэмийг нь унагаасан биз дээ, Ливд цэргийн ажиллагаа явуулж, удирдагчийг нь буулгасан даа, Афганистанд олон ч жил байлдаж, дайтсансан, гэтэл бүүр цөмийн бөмбөг туршаад байгаа Хойд Солонгос дээр болохоор АНУ их л сайндаа сүржин мэдэгдэл хийж, Аюулгүйн зөвлөл дээр эрс буруушааж, хориг арга хэмжээ авах тогтоол үйлдвэрлүүлэхээс хэтэрдэггүй. Хятад ч ялгаагүй. Гэрийн хаяанд нь пуужин харваж, бөмбөг тэсэлж хиймэл газар хөдөлж байхад яаж ч болдоггүй, ямар сайндаа дүүгээ базаж чаддаггүй сул дорой Бээжин гэж шоглуулж хүртэл суух юм. Яагаад тэр билээ?

Мэдээж жанцан бий. Хойд Солонгосыг тогтоон барьж чадахгүйдээ огт биш. Умард бол томчуудыг түлхэлцэж байх хооронд чөлөөтэй дүүлж яваа “жаал” юм. Нэг талд нь АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав холбоотнууд, АНУ-ын цэргийн бааз Япон, Өмнөдөд байрлаж, жил бүр хамтарсан цэргийн сургууль хийж, одоо пуужингаас хамгаалах ТААД системийг Японоос гадна дахин Өмнөд Солонгосын нутаг дээр байрлуулах төлөвлөгөөтэй. Ингэснээр АНУ цэрэг стратегийн давуу талаа бэхжүүлэх бөгөөд үүнд Умардын цөмийн хөтөлбөр гоё шалтаг болж өгдөг юм. Угтаа жинхэнэ зорилго нь Хятад, Оросын нөлөөг тогтоон барих явдал билээ. Тийм болохоор Орос, Хятад хоёр дуу нэгтэйгээр АНУ-г зэмлэж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөр шалтаглаж, ТААД гэх мэт систем байрлуулахыг эрс эсэргүүцэж байна гэж хамтран мэдэгддэг. Хятад, Орос хоёр бас олон улсын тавцанд голдуу нэгдмэл дуу хоолойтой, түүгээр тогтохгүй сүүлийн 7 жил хамтарсан цэргийн сургуулийг тогтмол явуулж, ноднин агаарын цэргийн, энэ жил тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийх гэх мэтээр АНУ-ын эсрэг стратегийн тэнцвэр үүсгэх гэж оролдож байна.

Ийнхүү Зүүн хойд Азид нэг талд АНУ ба түүний нөхөд, нөгөө талд Хятад ба Орос, ийм хоёр том хүчнүүд өөд өөдөөсөө тулаад зогсчихсон, одоогоор бүх “толхилцол” буфер бүсэд л явагдаж байна. Мэдээж яриа хэлэлцээ тасралтгүй хийж байгаа ч ширээн доогуур хутгаа ирлэж, хэн хэнийхээ тэвчээрийн доод хязгаарыг түнших маягтай.

Гэтэл яав? Тэр хооронд хүчнүүдийн уулзвар дээрх буфер улс нь хяналтаас алдагдах болчихоод, эргээд гайхаш барах нь. Үнэндээ Умард Солонгос, түүний цөмийн хөтөлбөр явж явж томчуудын өөрсдийнх нь бас бүтээгдэхүүн л дээ. Умардууд цөмийн талаарх мэдлэгээ анх Оросоос авсан, АНУ 2000-аад оны эхэн үед Умардад цөмийн хоёр реактор барьж өгсөн, Хятад улс байнга мөнгө сангийн эх үүсвэр нь болж ирсэн. Цөмийн хөтөлбөрийн суурь нь ийм. Тэгвэл болиулж чадаагүйн учир нь, хэрэв АНУ дангаар цэргийн ажиллагаа явуулж Умардын дэглэмийг нураахыг оролдвол Хятад, Оросоос хариу цөмийн цохилт авна, тэрний оронд Ази руу чиглэсэн цэрэг стратегийн нөлөөгөө бэхжүүлэхэд одоо байгаа Умардыг шалтаг болгож ашигласан нь АНУ-д хавьгүй дээр. Харин Хятад улсад Умардын задрал биш тогтвортой байдал хэрэгтэй учраас дэглэмээ хадгалахад нь тусладаг, хэрэвзээ дэглэм нурж хоёр Солонгос нэгдэхдээ тулбал хойг дээрээс АНУ-ын цэргийн бааз гарсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг, өөрөөр хэлбэл Хятадыг АНУ-ын цэргийн баазтай шууд хиллэхээс одоо байгаа Умард тусгаарлаж өгдөг буфер нь. Ингээд л дэглэмийг нь механикаар нурааж болдоггүй, гэхдээ дэглэм хэзээ нэгэн цагт нурах нь тодорхой гагцхүү цаг хугацааны л хэрэг хэмээн зөвшөөрч, томчууд харсаар суутал нүдэн дээр нь өсөж томров өнөөх буфер нь.

Ингээд харахаар том гүрнүүдийн аль нэг нь Умардын эсрэг хүч хэрэглэж болдоггүй, хэрэглэвэл нөгөө том гүрний цэргийн эсэргүүцэлтэй тулгарч дайн гарлаа л гэсэн үг. Том гүрнүүд нийлээд Умардын эсрэг зэвсэг хөдөлгөх ямар ч боломжгүй, маш гүн эрх ашгийн зөрчилтэйг дээр дурдсан. Тэгээд л сиймхийд нь дүүлэх боломж байгааг Ким Жон Ун ашиглаж, өнөөх буфер улс нь одоо эсрэгээрээ том гүрнүүдийнхээ тэвчээрийн доод хязгаарыг түншиж байна. АНУ Умардад илүү хүчтэй шахалт үзүүлье гэдэг бол Хятад, Оросууд дипломат замаар шийдье гээд зөрчихдөг энэ байдал нь хамгийн сүүлийн Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр ч хэвээр.

Умард Солонгос цөмийн зэвсэгтэй гүрэн боллоо гэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа. Төв ТВ-ээрээ заналт капиталистуудыг газрын хөрснөөс үүрд арчиж хаяна гэж сүржин мэдэгдэл хийдэг ч хэрэв үнэхээр бөмбөг хаяж орхивол дэлхийн дайн дэгдээж талбар нь өөрсдөө болно гэдгээ мэдэж байгаа.

Бүс нутгийн ийм ээдрээтэй нөхцөл байдал дор бие биеэ чагталчихсан том гүрнүүд ямартаа ч Умард Солонгосын цөмийн хөтөлбөр цааш хаа хүрэхийг харангаа дэглэм дотроосоо нурвал гэдэг өөр өөрийн сценаритай хүлээзнэх хэвээр бололтой одоохондоо.  

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив