Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Хятадын аюул” үзэл яагаад дэлгэрсэн бэ?
2017 оны 6 сарын 21 [Уншсан тоо: 39522]

Ер нь монголчууд яагаад Хятадыг үзэн яддаг болчихсон юм бол? Дунд сургуульд байхад түүхийн хичээл дээр Монголчууд манжийн дарлалд 300 жил байхдаа гэдэг өгүүлбэр яасан ч их тааралддаг байв. Тэрний улбаа юм уу гэх гэхээр манжууд чинь хятад биш гэнэ. Манжуудыг эс тооцвол монголчууд л хятадыг түйвээж явсан түүхтэй болохоос хятадууд монголд ирж эзэн сууж явсан нь үгүй. Гэтэл яагаад бид юм л бол эмээж, хятадууд бөөнөөрөө орж ирэх гэж байна, нутаг дээрээ хятадуудад ингэж дээрэлхүүлэхгүй шүү гээд л юу юугүй уусаж алга болох гэж байгаа аятай шаналаад унадаг юм бэ. Хальт харая л даа.

“Хятадын аюул” гэдэг үзэл, ойлголт олон улсад бий зөвхөн Монголд ч дэлгэрдэг биш. XIX зууны сүүл, XX зууны эхээр “шар аюул” гэх хэллэг анх Германд гарсан ба хожим коммунист Хятад байгуулагдахад АНУ “коммунизмын шар аюул”-ыг Зүүн өмнөд Азийн орнууд руу тархахаас сэргийлж байсан бол ЗХУ ч мөн адил харилцаа муу үедээ “хятадын аюул”-ын талаар ихээр сурталдаж байжээ.

Монголчуудын тухайд “хятадын аюул” үзэл ХХ зууны турш нийт гурван удаа дэлгэрсэн гэж харж байна. Эхний үе нь ХХ зууны эхээр, үнэхээр Монголын тусгаар тогтнолд бодитой заналхийлж байсан учраас “хятадын аюул” үзэл газар авсан. 1919 онд хятад цэргүүдийн хүрээнд үйлдэж байсан харгислалыг монголчууд тэсэхүйеэ бэрх болж нийт монголчуудын дунд гүнзгий өшөө хорсол бий болсон тухай тэр үеийн Америкийн консул бичиж байж. Энэ үед дэлгэрсэн “хятадын аюул” үзэл субьектив айдас биш бодитой аюулаас үүдсэн.

Хоёр дахь нь гуравдагч орны нөлөөгөөр “Хятадын аюул” үзэл дэврэн тархсан үе. 1960-аад оны эхэн үеэс Орос, Хятадын харилцаа муудаж, Зөвлөлтийн цэргийн ангиуд 1967 онд Монголд байрших болсноор Монгол, Хятадын харилцаа бүрэн тасарсан. Энэ байдал 1989 оны 5 сард цэргээ буцааж гаргах хүртэл 20 гаруй жил үргэлжилсэн билээ. Энэ хугацаанд хэрэв Зөвлөлт, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан бол дайны талбар нь Монгол байх байсан гэдэг. ЗХУ бараг 30 жилийн турш суртал ухуулгын бүхий л хэрэгслээр “Хятадын аюул” үзлийг сурталдаж байлаа. Ямар сайндаа л монголын кино дэлгэцэнд эерэг талын цорын ганц хятад дүр байдаг нь “Ардын элч”(1959)-ийн Ариунаад тусладаг данжаад гэгддэг дээ, 50-аад онд Улаанбаатарын байшин барилгыг хятад ажилчид барьж байх үед тийм нэг эерэг дүрийг зөвшөөрсөн бололтой.

Харин гурав дахь үе нь хүйтэн дайны дараагаас одоо хэр үргэлжилж байна. ЗХУ задарч даяаршлын эрин үед монголчууд түүх соёлоо шинээр харах үед зэрэгцээд хэт үндэсэрхэг үзэл ч дэлгэрчээ. Хүйтэн дайн дууссанаас хойш суртал ухуулгын хэрэгслээр Хятадын аюул үзлийг зохион байгуулалттайгаар дэвэргэх явдал дууссан. Гэвч ХХ зууны ихэнх үед хятадын эсрэг үзлээр амьсгалж ирсэн монголчуудын сэтгэхүйгээс “хятадын аюул” үзэл хялбар арилсангүй. Ядаж байхад сүүлийн хорь гаруй жил монголчууд олноороо хятадад зорчих болж, гэтэл эхний тааралдсан хятад хүн л “аан, Монгол уу, бид нэг улс байсаншдээ” гэж хэлэх нь дотор маажиж, “хятадын аюул” үзлийг улам лавшруулна. Хятад улс дээд түвшиндээ тусгаар тогтнолыг хичнээн хүндэтгээд, захын хятад хүний тэр үг хятадын имижийг баллаж орхидог.

Ямартаа ч ингээд харахад ХХ зууны турш гурвантаа дэлгэрсэн “Хятадын аюул” үзэл үүсэн тархсан шалтгаан болбаас: тусгаар тогтнолд заналхийлж байсан бодит аюулын нөлөө, ЗХУ-ын хүчтэй суртал ухуулгын нөлөө, Монгол, Хятадын түүхийн үзэл, хандлагын зөрүү гэх мэт байсан бололтой. Мөн дээрээс нь өдгөө даяаршлын эрин дэх жижиг орны комплекс нэмэгдэж байна. Энэ комплекс мөд арилахгүй, бид томроод хятадтай эн тэнцүү өрсөлддөг болох хүртэл, гэтэл дор хаяж хүн амаараа хятадтай эн тэнцэх хүртэл бидэнд нэлээдээр барахгүй зай байгаа учраас энэ комплекс их урт настай гэсэн үг.

Тэгээд одоо хэдүүлээ яахуу? Субьектив айдаст автсаар, дотроо комплекстсоор суух уу? Оюун ухаанаар бодитой тунгааж, прагматик хандах уу? Ер нь бол хятадын эсрэг үзэлтэй монголчуудын сэтгэлзүй дээр тоглох туйлын амархан, харин энэ комплексийг давж төрийн бодлого явуулах нэн хэцүү бололтойдог шүү.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив