Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Киргиз ардын төмөр замын үлгэр
2017 оны 5 сарын 11 [Уншсан тоо: 67284]

Монгол ганцаараа үлгэрийн орон биш. Киргиз ардын төмөр замын тухай манайхаас ч гоё үлгэрийг ярьж өгье:

Киргиз 5 сая гаруй хүнтэй, ДНБ нь 6 тэрбум ам.доллар, дэд бүтэц маш муу, уул уурхайдаа түшиглэдэг гээд Монголтой зөндөө төстэй. Бүүр авто зам, төмөр зам тавих үлгэр нь хүртэл адилхан. Киргизүүд аль 1997 онд төмөр зам, авто замаар хөрш орнуудтайгаа холбогдоё, ерөөсөө дэлхийд гарая хэмээн сэтгэж, Узбек, Хятад гурван улс сүрхий гэгч нь санамж бичиг байгуулжээ.

40 км авто зам үүссэн домог: Киргизүүд өмнөд, хойд хоёр чиглэлээр 1000 км замаар хоёр хөрштэйгөө холбогдмоор байна гэсэнд Хятадууд төслийг нь гаргаад өгч, Узбек улс дор нь баталсан байхад Киргизүүд өөрсдөө хөрөнгө санхүү, техникийн стандарт энээ тэрээ бэрхшээл тоочиж хойшилсоор. Тэгсэн ч хэсэгчлэн барьж эхлэв. Барихдаа мөнгөгүй улс яахав, “баялгаараа наймаалцан” байж мөнгө босгожээ, алт ихтэй улс алтны ордоо өгчихөж. Хятадын Зызинь алтны компани охин компаниараа дамжуулан Киргизийн Саммер алтны ордын хувьцааны 60%-ийг нь худалдаж авав. Эндээс Киргиз 660 сая ам.доллартай болж, Хятадын хилээс Киргизийн Ош хот хүртэл 40.2 км замтай болж авав, 7 жилийн дараа шүү дээ.

Төмөр замын 20 жилийн үлгэр: Киргизийн төмөр замын байдал манайхаас ч аймаар. Нийт 350-хан км төмөр замтай ч тэр нь хоёр тасархай. 300 км нь Киргизийн хойд хилийн уурхайн бүсээс Казахстаны руу гараад явчихдаг. Үлдсэн 50 км нь өмнөд хэсэгт, Жалал-Абад мужаас нь Узбекстан хүрдэг. Энэ хоёр төмөр зам хоёул хилийн бүсэд байрладаг, харилцан огтлолцдоггүй. Өөрөөр хэлбэл дотоодын төмөр замгүй.

Тэгээд Киргизүүд “нэг босоо, хоёр хөндлөн” замтай дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулахаар 20 жилийн тэртээ төлөвлөжээ ... Гэвчиг одоо хүртэл баригдаагүй. Төлөвлөсөн хөндлөн хоёр чиглэлээс өмнөд төмөр зам нь Хятад-Киргиз-Узбек гурван улсын тээврийн зам болох ёстой байв (нийт 476 км урт). Уг нь энэ төмөр зам Хятад, Төв Ази, Баруун Ази, Хойд Африк, Өмнөд Европ гээд хэдэн тивийг холбох чухам стратегийн чухал ач холбогдолтой аж. Энэ төмөр замыг барихаар аль өнгөрсөн зуунд Хятад-Киргиз-Узбекийн засгийн газар хооронд санамж бичиг байгуулсан гэж дээр дурдсан.

Гэвч төмөр зам барих хөрөнгө босгож чадахгүйгээс болоод өнөөдөр ч “мөрөөдсөөр”. Анх зарласан өртөг 900 сая ам.доллар байсан чинь хэдхэн жилийн дараа 1.3 тэрбум, 2006 онд 2 тэрбум, 2012 онд 4.5 тэрбум, 2013 онд 6.5 тэрбум шаардлагатай болж хувирсанд ард иргэд нь хилэгнэж, бөөн эсэргүүцэл. ДНБ-ийхээ нэг жилийн хэмжээтэй тэнцэх мөнгийг Киргиз шууд олох хэцүү. Ядахад Киргиз эдийн засаг буурай, гадаад өр ихтэй зэрэг шалтгаанаар олон улсын зээлдэгч нар санхүүгийн дэмжлэг өгөхөөс зайлсхийдэг. Аргаа бараад уурхайгаа ашиглуулж мөнгөтэй болцгооё гэсэн ч 2005 онд хайран алтны ордоо Хятадад өгөөд авто зам тавиулчихлаа гэж халаглаад Киргизийн иргэд нь бачимдаастай. Дээрээс нь үе үе Хятадын аюулын тухай янз бүрийн үндэсэрхэг үзлийн мэдээлэл дэгдээстэй. Тэгж байтал Киргиз улсад 2005, 2010 онд хоёр ч удаа “өнгөт хувьсгал” гарч ерөнхийлөгч  солигдсоноор төмөр замын асуудал нийт 6 жил гацжээ.

2012 онд Киргиз Хятадтай төмөр зам барихаар дахин санамж бичиг байгуулж, Хятадууд 2013 оны 4 сард ТЭЗҮ хийж өгчээ. Хачирхалтай нь ердөө сарын дараа буюу 5 сард нь Оросууд Орос-Казахстан-Киргизстан-Тажикстаны төмөр замыг санал болгох нь тэр. Киргиз улс Оросын ТЭЗҮ-г баярлан хүлээж авч буйгаа мэдэгдэв.

Сонирхолтой нь одоо хүртэл Киргиз төмөр замгүй хэвээр. А.Атанбаев ерөнхийлөгч болсны дараа 2013-2017 оны мөрийн хөтөлбөртөө 1.5 тэрбум ам.доллараар төмөр зам барина гэж бас л гандан буурахгүй төлөвлөсөн. Гэвч хөрөнгө босгож чадсангүй, басхүү “ямар нэгэн” шалтгаанаар урагш ахисангүй, цаасан дээр хэвтсээр, иргэд нь бухимдсаар...

Өдгөө Киргизэд хөрөнгө босгох хоёр л арга зам байгаа. Нэг нь Хятадаас урт хугацааны зээл авах, гэвч энэ нь Киргизийн гадаад өрийг 3 дахин нэмэгдүүлнэ. Нөгөөх нь уурхайгаа ашиглуулах замаар мөнгө босгох, гэвч энэ нь баялгаа урсгасан хэмээн ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг.

Хятадууд Киргизтэй төмөр замаар холбогдох гэж хэд хэд оролдож үзээд эцэст нь Киргизийн төмөр зам дээр оролцох нь ОХУ-ын ашиг сонирхлыг хөндөж байж болзошгүй учраас төмөр замын төсөлд ОХУ-ыг оролцуулах зэргээр хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Монгол ардын, биш ээ Киргиз ардын төмөр замын үлгэр үргэлжилсээр, амар сайхандаа хэзээ жаргахыг уурхайгаа сайн ашиглаж чадах улс нь өөрөө мэдэхгүй бол хойд зүгийн салхи л шивнэх бололтой.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив